"Цэцээ Гүн" Менежментийн дээд сургуулийн үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой 2018 оны 9 сард тохиох бөгөөд дараагийн 20 жилийн сургуулийн хөгжлийг бид гадаад болон дотоод хамтын ажиллагаан дээр тулгуурлан тодорхойлохоор шийдвэрлэж, өнгөрсөн жилийн сүүлийн хагасаас эхлэн тодорхой зорилтот ажлуудыг хэрэгжүүлж ирсэн билээ.
Үүний үр дүнд гадаад дотоодын олон байгууллагатай хамтран ажиллах болсоны нэг нь Япон улсын Канагава мужийн 113 жилийн түүхтэй Нийна Академийн дэргэдэх "Асахига Ока" ахлах сургууль бөгөөд хоёр сургуулийн захирал гурван жилийн хугацаатай хамтын ажиллагааны санамж бичигт 2018 оны 4 сарын 4-нд гарын үсэг зуран баталгаажуулаа. Энэхүү хамтын ажиллагааны үндсэн зорилго нь Цэцээ Гүн Менежментийн дээд сургуулийн дэргэд Япон Монголын боловсрол соёлын хамтын ажиллагааны гүүр болох иргэнийг бэлтгэх Япон загварын сургалт бүхий ахлах сургуулийг хамтран байгуулах явдал юм. Бидний үйл ажиллагаа улам өргөжиж, улс орны хөгжлийн түлхүүр болох хүүхэд залуусыг өндөр хөгжилтэй Япон улсын арга туршлага дээр тулгуурлан сурч боловсрох нөхцөл бүрэн хангагдаж эхэллээ.