МЭНДЧИЛГЭЭ
1990 онд өрнөсөн ардчилсан хувьсгалын үйл хэрэгт идэвхи зүтгэл гарган оролцож, улс төрд хамтран зүтгэж явсан дотны анд нөхөр, УИХ-ийн гишүүн Г.Ганхуягийн санаачлагаар 1998 онд “ЦЭЦЭЭ ГҮН” Менежментийн дээд сургуулийг байгуулсан билээ. Бид хоёулаа хуучнаар МУИС-ийн Инженер, Эдийн засгийн сургуулийн Аж үйлдвэр, Авто инженер Эдийн засгийн ангийг төгсөөд төрлөх сургуульдаа шууд багшаар үлдэж, ажил амьдралын гараагаа эхлүүлж байсан.
“ЦЭЦЭЭ ГҮН” сургуулийг анх байгуулахад хамт ажилладаг мэргэжлийн багш нар маань бүтэц зохион байгуулалт, сургалтын чиглэл, агуулга, төлөвлөгөө боловсруулах, сургалт явуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд ялангуяа Г.Ганхуягийн маань мэргэжлийн багш, доктор, профессор Н.Цэнд багш маань үүсгэн байгуулагчийн хувьд олон жил сургуулийг удирдаж явсаныг онцлон дурсмаар байна. Өдгөө анхны үүсгэн байгуулагчдын нэг доктор, профессор Г.Цэдэндагва болон Монгол Улсын Гавьяат багш Менежментийн ШУ-ны доктор, профессор Я.Шуурав нар маань сургуулийн залуу багш нарт зөвлөж, хамтран ажилласаар байна. Профессор Н.Цэнд, Г.Цэдэндагва нар маань сургуулийн үйл хэрэгт зүтгэж явахдаа Монгол Улсын Гавьяат Багш гэдэг эрхэм алдрын эзэд болсон нь бидний бахархал юм. Намайг тус сургуулийн Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байх хугацаанд манай сургууль Засгийн газрын захиалгаар төрийн удирдлага, менежментийн түргэвчилсэн сургалтыг зохин байгуулж, олон арван мэргэжилтнийг бэлтгэн гаргасан бөгөөд төгсөгчид маань өөр өөрийн орон нутагтаа ИТХ-ийн дарга, Засаг даргаар хүртэл сонгогдон ажиллаж, сургуулиараа бахархаж явдагыг сонсоход таатай байдаг билээ.
Миний бие дотны анд Г.Ганхуягийнхаа төрүүлж өсгөсөн таван хүү нь гэр бүлийнхээ түшиг тулгуур болсон ээж Д.Эрдэнэчимэгийнхээ хамтаар хайрт аавынхаа үүсгэн байгуулсан сургуулийг хөгжүүлэхэд бүхий л хүч чадал эрдэм оюунаа зориулж, өнгөрсөн хугацаанд бие даасан эрдмийн өргөөтэй, мэргэжлийн салбараа төгөлдөршүүлэн хөгжүүлж, олон зуун мэргэшсэн хүний нөөцийг эх орондоо бэлтгэн, өнөөдөр ийнхүү 20 жилийнхээ ойг тэмдэглэж байгаад гүнээ талархаж байна. Зах зээлийн эдийн засгийн хүнд бэрхийг даван туулахад нэгэн сэтгэлээр зүтгэж ирсэн үе үеийн эрдэмтэн багш, ажилтан албан хаагчид та бүхнээрээ ч мөн бахархаж байна. Нийгмийн шаардлага, цаг үетэйгээ мөр зэрэгцэн нэгэн зорилго бүхий их дээд сургуулиудтай мөр зэрэгцэн, хаана ч хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн магиструудыг бэлтгэн гаргах нь та бидний эрхэм зорилт билээ. Энэ зорилтыг амжилттай биелүүлсээр ирсэн бид цаашид ч амжилттай үргэлжлүүлнэ гэдэгт би итгэлтэй байна. Сургууль байгуулагдсаны 20 жилийн түүхт ойг тохиолдуулан сургуулийхаа удирдлага , багш ажилтан, оюутан залуустаа баярын мэнд хүргэж, хөдөлмөр сурлагын өндөр амжилтыг хүсье. Цэцээ Гүн Менежментийн дээд сургуулийн ажил үйлс нь Богд хайрхан уулын ноёр оргил лугаа өндөр байх болтугай.
Монгол Улсын Гавъяат багш Доктор, профессор С.Ламбаа
МЭНДЧИЛГЭЭ
Богдхан уулынхаа ноён оргилоор овоглосон “Цэцээ гүн” Менежментийн Дээд сургуулийнхаа үе үеийн удирдлага, багш сурган хүмүүжүүлэгчид, суралцагчид, ажилтан, албан хаагчид, нийт төгсөгчид, хамтран ажилладаг гадаад дотоодын байгууллагуудаа үүсгэн байгуулагдсаны түүхт 20 жилийн ойн баярын мэндийг сургуулийнхаа Удирдах зөвлөл, үүсгэн байгуулагчдын нэрийн өмнөөс дэвшүүлье.
Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог сонгон, эдийн засаг нийгмийн бүхий л хүрээнд хувийн хэвшлийг хүлээн зөвшөөрч, хөгжүүлсний дотор боловсролын салбараас дээд боловсролын салбарт нэгэн содон үйл явдал болсон нь хувийн их дээд сургуулиуд олноор байгуулагдсан явдал юм. Яг тэр нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийн үе болох 1998 онд ШУТИС-ийн КтМС-ийн багш, УИХ-ын гишүүн Г.Ганхуяг эрдэмтэн багш, журмын нөхдийн хамт Удирдахуйн ухааны “Цэцээ гүн” Менежментийн дээд сургуулийг санаачлан, үүсгэн байгуулсан үеэс хойш сургуулийн сургалт, судалгаа, шинжилгээний ажил төлөвшихийн зэрэгцээ менежментийн шинжлэх ухаанаар дагнасан сургалтыг бакалавр, магистрын төвшинд эрхлэн явуулдаг өөрийн гэсэн өнгө төрх, нэр хүнд бүхий дээд боловсролын сургалтын байгууллага болон өргөжин хөгжсөөр байна.
Улс орныг хөгжлийг дэмжих хүч болсон мэргэжилтнүүдийг бэлтгэхэд төрийн бус өмчийн сургуулиудын оролцоо, хэрэгцээ шаардлага чухал байсан тэр үеэс өнөөг хүртэл үйл ажиллагаагаа тогтвортой, амжилттай явуулж байгаа нь Та бидний амжилтын нэгэн үзүүлэлт бизээ. Хамтдаа үдэж буй өнгөрсөн 20 жил бидний хувьд хөгжил, дэвшил ололт амжилт, алдаа, оноондоо хат суусан он жилүүд байлаа. Харин ирээдүйд тэмүүлсэн бидний 20 жил улс орныхоо хөгжил, дэвшлийг манлайлах үнэ цэнтэй оюунлаг иргэдийг боловсролд хөтөлсөн хөгжлийн түүчээ нь байх учиртай. Монгол улсын хөгжилд оруулах Та бидний хувь нэмэр бол шинэ санаа, бүтээлч хандлага, ёсзүй, эрдэм боловсролтой иргэний тухай ойлголт юм. Тиймээс ирээдүйн хөгжлийн түлхүүр, баялаг нь болсон мэдлэг боловсролтой, ухамсартай, хариуцлагатай , оюунлаг ёсзүйт монгол хүн бүрийг боловсролд хөтлөж, тэд маань Монгол Улсын төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт Монгол удирдахуйн ухаан, хөгжлийг гэрлийг асаах эх орныхоо үнэт баялаг, амжилтын гүүр нь болж, "би Цэцээ Гүний төгсөгч хэмээн бахархалтайгаар хэлж чадна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.
Бид бүхний бахархал болсон эрдэмтэн багш нар, улс орны хэрэгцээт газар бүр амжилттай ажиллаж буй үе үеийн нийт төгсөгчид, Монголын менежментийн боловсрол, сургалтын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй сургуулийн захиргаа хамт олонд гүн талархал илэрхийлье. Монголын боловсролын салбарт нэг сэтгэл, зүтгэлээр хувь нэмрээ оруулж “Цэцээ гүн” Менежментийн Дээд сургуулийн түүхийн хуудсын алдаа, оноо, амжилт бүтээлийг хамтдаа бичилцэж буй үе үеийн багш, ажилтан, ажиллагсад, эрдмийн хамт олон, эрдэмтэн, докторууд, оюутан суралцагч та бүхнийхээ цаашдын ажил, хөдөлмөрт амжилт, амьдралд нь аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе. Монголын ирээдүйн хөгжлийг “олон толгойг” тойрсон байгалийн баялаг бус оюун мэдлэгт тулгуурласан хүмүүн баялаг болсон чадварлаг мэргэжилтнүүд хөтлөн явуулахад хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.
Хүндэтгэсэн: Удирдах зөвлөлийн дарга Ганхуягийн Мөнхбат
МЭНДЧИЛГЭЭ
Эцэг өвгөдийн уламжлалыг үр хүүхдүүддээ эрдэм мэдлэг болгон өвлүүлдэг арга барилыг орчин үеийн хэлээр хөрвүүлбэл сургууль гэж нэрлэдэг болов уу.
Миний хань, таван хүүгийн маань аав Г.Ганхуягийн маань төрсөн эцэг эх Д.Галсанпунцаг болон Д.Нэргүй нар нь Монгол улсын намын түүхийн институтыг болон намын дээд сургуулийн номын санг үүсгэн байгуулах, зохион байгуулах нөр их ажилд гар бие, ухаан бодлоо чилээсэн их эрдэм бичгийн хүмүүс байсан билээ. Энэ сайхан буурлуудын хүсэл мөрөөдөл, насан туршдаа бүтээж, эрхэлсэн ажил үйлс нь үр ач нарт нь нөлөөлж, улмаар ууган хүү Ганхуяг нь МУИС –ийн инженер эдийн засгийн ангийг улаан дипломтой төгсөж, өөрийн сурсан судалсан эрдэм мэдлэгээ түгээн дэлгэрүүлсэн багш болж билээ.
Миний хань Г.Ганхуяг нь 1980-1992 онд МУИС–д багш, 1992-1996 онд УБ хотын 1-р орлогч дарга, 1996-2000 онд УИХ гишүүн гэх мэт ажил үүргийг нэр төртэй гүйцэтгэж, 2002 онд хүнд өвчний улмаас бурханы оронд заларсан хэдий ч 1998 онд түүний ХҮСЭЛ САНААЧЛАГААР “Цэцээ гүн” дээд сургууль байгуулагдаж, өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулан ХОРИН жилийнхээ ойг баяр бахдалтай тэмдэглэж байгаад туйлаас баяртай байна.
Энэ сургууль нь нийгэм бүхэлдээ өөрчлөгдөж, төрийн байгууллагуудын өөрчлөлт, нутгийн өөрийн удирдлагын эрх хэмжээний шинэчлэл явагдаж, тэр хирээр шинэ соргог эрдэм мэдлэгтэй хүний нөөц дутагдаж эхэлсэн цаг үеийн байдалд дүн шинжилгээ хийж, шаардлагатай орон зайг нөхөх бололцоог соргогоор олж харсаны үр дүнд байгуулагдсан юм.
Түүний энэ шийдвэрийг гаргахад хамт байж, туслалцаа үзүүлэн дэмжиж, мэдээлэл мэдлэгээр хангаж байсан МУИС-ийн олон олон эрдэмтэн професссоруудыг бид цаг ямагт дурсаж санаж явах үүрэгтэй.
МУИС-ийн инженер техникийн факултетийн багш нар, доктор профессорууд, тухайлбал Д.Бүүвэйбаатар, Г.Пүрэв, Ч.Должинжав, Г.Батхүрэл, Х.Пүрэвдагва, С.Даваасүрэн, Н.Цэнд Л.Гүржав, Да.Ганболд, Ж.Наранцацралт, С.Ламбаа, Б.Саарал, орчуулагч Х.Мэргэн гэх зэрэг тухайн цаг үеийн оюуны сор болсон олон хүмүүстэй мөр зэрэгцэн ажиллаж, зөвлөлдөж, тэдний тус дэм ороогүй бол тухайн үеийн хүнд хэцүү эдийн засаг болон нийгмийн хямралын үед үүсэн байгуулагдахад нэн бэрх байсан бизээ.
Буурал өвгөдийнхөө цэцэн ухаанаар улбаалан номын цагаан мөр хөөсөн монгол улсын шилдэг улс төрч эдийн засагч Г.Ганхуяг маань сургуулийнхаа талаар ихийг мөрөөдөн, алс хэтийг нь төсөөлөн надад ярихдаа өнөөдрийн энэ өдрийг төсөөлж байсан болов уу.
Ийнхүү буурлаас "Бууралд" дамжсан номын цагаан мөрний үргэлжлэл “Цэцээ гүн” дээд сургууль байгуулагдаж байсан түүхтэй.
Өдгөө Г.Ганхуягийн маань хүүхдүүдийн удирдлаган доор аавынх нь байгуулсан сургууль дараагийн хорин жилийн хөгжилөө тодорхойлон, гадаад дотоодод өөрийн гэсэн нэр хүнд бүхий томоохон хэмжээний боловсрол сургалтын байгууллага болох зорилгыг тавин ажиллаж байгааг анзаарч мэдэрч суух нь эх хүний хувьд хамгийн жаргалтай мөч минь юмаа.
Түүхийн хуудсаа хураан зузаалсаар хорь дахь жилээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа Та бүхэнд “ЦЭЦЭЭ ГҮН “ДЭЭД СУРГУУЛИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАНЫ ОЙН БАЯРЫН МЭНДИЙГ ХҮРГЭЕ
Дараа дараагийн хорин жилийн хөгжил дэвшлийг хүсэн ерөөе.
"БАЯНЦЭЭЛ" ХХК-ийн захирал Д.Эрдэнэчимэг
Мэндчилгээ
Өнөө жил үүсгэн байгуулагдсаны 20 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Цэцээ Гүн Менежментийн дээд сургуулийнхаа үе үеийн удирдлагууд, хамт олон, оюутан залуус, төгсөгчид та бүхэнд ойн баярын халуун мэндийг Япон орноос хүргэж байнаа. Миний бие энэ жилээс хичээлийн жилээс эхлэн тус сургуулийн Япон дахь тэргүүн төлөөлөгчөөр ажиллах болсон бөгөөд сургуулийнхаа ойн баярыг тохиолдуулан албан ёсоор зарлаж байгаадаа баяртай байна.
Тэртээ 2001 онд 15-хан настай хүү М.Даваажаргал гэгч хүү хүсэл мөрөөдлөө тээгээд Арлын Япон оронд ирж байсан нь саяхан санагдаж байна. Би мөрөөдлөө зорилго болгон өдөр бүрийн бэлтгэл сургуулилтаа сайн хийж ирсээр өнөөгийн оргилд гарсан. Би олон мөрөөдлөө биелүүлсэн. Над шиг Япон оронд өөр өөрийн мөрөөдлөө биелүүлэхийг хүсч байгаа Монголын олон олон хүүхэд залууст боловсролоор дамжуулан тэр боломжийг олгодог болоод байгаа Цэцээ Гүн Дээд сургууль болон Уудам Монгол ахлах сургуультайгаа хамтдаа цаашид олон үйл хэргийг бүтээж, боловсролын салбарын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулан хамтран ажиллах болно.
Сургуулийнхаа нийт хамт олонд ойн баярын мэндийг дахин дахин хүргэхийн хамт мөр нь цагаан байдаг эрдэм номын буянт ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсч, Япон Монголыг холбох гүүр нь болсон олон олон шавьтай болохыг ерөөе
Баярлалаа
Цэцээ Гүн Менежментийн дээд сургуулийн Япон дахь хүндэт төлөөлөгч, Мэргэжлийн сүмогийн 69 дэх Ёкозүна Хакүхо М.Даваажаргал
МЭНДЧИЛГЭЭ
Цэцээ Гүн Менежментийн дээд сургуулийн Хорин жилийн ойн баярын мэндийг хүргэе. Түүхэн ойг угтсан тэмдэглэлт мөч нь Г.Наранбат захирал болон үе үеийн багш ажилчдын хичээл зүтгэлийн үр дүн гэж бодож байна. Манай хоёр сургууль 2015 онд Хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулж, улмаар энэ хичээлийн жилээс Хос боловсролын зэрэгт 2+2 хөтөлбөрийн гэрээг өнгөрөгч 10 сард байгуулсан билээ. Энэхүү гэрээ нь байгуулагдсанаар хоёр сургуулийн хамтын ажиллагаанаас гадна оюутан суралцагчид, багш ажилтаны харилцаа улам өргөжин тэлнэ гэж итгэж байна. Үүсгэн байгуулагдсаны Хорин жилийн тэмдэглэлт ойг мөчлөг болгон танай сургуулийг улам дэвжин дээшлэхийг хүсэн ерөөж, багш сурган хүмүүжүүлэгч, оюутан суралцагчдад хөдөлмөр сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
2018 оны 11 сарын билигт өдөр
Кюүшүгийн Мэдээлэл Зүйн дээд сургууль Удирдах зөвлөлийн дарга Захирал Асо Такаши